TIMES Ярилцлага


Н.Энхбаатар: Онгоцны тийзийг зээлээр авах боломж бүрдүүлнэ

3 жил, 1 сар TIMES.MN

Гадаадын агаарын тээвэрлэгчдийг судалгаа шинжилгээгүй оруулж ирэхээр лобби хийж байгаа “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал Н.Энхбаатартай ярилцлаа.


-Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний авиакомпаниудын тасалбарын үнэ өндөр байгаа нь аялал жуулчлал хөгжүүлэхэд саад болдог хэмээн албаны хүмүүс мэдэгдэх юм. “МИАТ” ТӨХК тасалбарын үнээ буулгах боломж байгаа юу?

-”МИАТ” ХК-ийн нислэг үнэтэй байгаа учраас аялал жуулчлал хөгжихгүй байна гэдэг өрөөсгөл ойлголт. Тасалбарын үнийг зах зээлийн зарчмаар тогтоож байгаа. Монгол Улсад олон улсын агаарын тээврийн үйлчилгээг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компаниас гадна бусад орны авиакомпаниуд үзүүлдэг. Монголын энэ жижиг зах зээлд дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөж байгаа “МИАТ” компани аль болох хямд үнээр үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж буй хэдий ч агаарын тээврийн үнэ гэдэг дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнтэй ижил зүйл биш. Олон хүчин зүйлээс хамаарч агаарын тээврийн үнийг тогтоодог. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй ярих ёстой зүйл бол хямд үнэтэй, аюулгүй тээврийн үйлчилгээ байх ёстой. Энэ үйлчилгээг бид үзүүлж байна. Харин жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, жуулчдын тав тух аюулгүй байдал гээд бусад олон асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй. Бид үнээ буулгасан ч аялагчдын сонирхлыг татах бусад хүчин зүйл нь шийдэгдэхгүй бол алдагдал хүлээхээс цаашгүй. Эсрэгээрээ зорчигчдын урсгал хангалттай хэмжээнд нэмэгдчихвэл бид үнээ буулгахад бэлэн.

Одоо ч “МИАТ” компанийн нислэгийн үнэ бүх чиглэлд бусад агаарын тээврийн компаниудаас харьцангуй хямд байгаа. Бидний зүгээс суудал ашиглалт, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн арга хэрэглэдэг. Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал транзит заалтай болсон. Үүнийг ашиглаад Европоос Зүүн өмнөд Ази руу аялж байгаа зорчигчдыг татах ажлыг идэвхтэй хийж байна. Мөн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаагийн нэг нь банк, санхүүгийн байгууллагуудтай хамтраад нислэгийн тийзийг цалингийн болон бусад төрлийн зээлээр авах боломж бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна. Энэ ажил амжилттай хэрэгжвэл нэг сая төгрөгийн үнэтэй билетийг 10 сарын хугацаанд хувааж төлөх боломж бүрдэх юм.

-Агаарын тээврийн үнийг бууруулах боломжгүй гэсэн үг үү?

-“МИАТ” компани тасалбарын үнээр бууруулахаар олон талаар судалж байна. Ялангуяа Улаанбаатараас эхлэлтэй чиглэлийн нислэгүүдийн тасалбарыг бууруулах байр суурьтай байгаа. Эдийн засаг сэргээд зорчигчдын урсгал нэмэгдчихвэл үнэ буулгах боломж бүрдэнэ. “МИАТ” ХК 2016 онд үйл ажиллагааны хувьд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан боловч валютын ханшын өсөлт болон 2013 онд авсан Бойнг-767 агаарын хөлгийн зээлийн төлбөрийн асуудлаас үүдэн гурван тэрбум орчим төгрөгийн алдагдалтай баланс гарч байна. Мөн бид Европын чиглэлийн нислэг буюу Улаанбаатар- Берлиний чиглэлийн нислэгтээ жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Нислэг үйлдэж эхэлснээс хойш 100 орчим сая ам.долларын алдагдал хүлээсэн. Гэхдээ энэ чиглэл нь далайд гарцгүй орны хувьд стратегийн нислэг гэдэг утгаар “МИАТ” компани алдагдлыг нуруун дээрээ үүрээд өдий хүрсэн. Сүүлийн жилүүдэд гаднын агаарын тээврийн компаниуд Монгол руу нислэг үйлдэхээр лобби хийж байна. Энэ нь үндэсний агаарын тээврийн компаниудад хүндээр тусна. Тухайлбал, БНТУ-ын иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компани Станбулаас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлснээс хойш Европын нислэг дээр хүлээж байсан алдагдал 30 хувиар нэмэгдсэн.

Гэтэл Казахстаны иргэний агаарын тээврийн “Air Astana” компани Астана-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр бэлдэж байна. Ингэснээр манай компанийн Европын нислэг дээр хүлээж байсан алдагдал мөн 20 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс агаарын тээврийн салбарт гаднын авиа компанийг олноор оруулж ирэх нь алдаатай бодлого байх талтай.

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад ороход бэлэн болсон. Нисэх буудлаас гадна авиакомпаниуд шилжиж очих бэлтгэл ажил хангах ёстой. “МИАТ” компани бэлтгэлээ базааж байгаа юу?

-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ уг олон улсын нисэх онгоцны буудлыг Японы талтай хамтарч эзэмших асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явагдаж байгаа тул агаарын тээврийн компаниуд ямар оролцоотой байх нь одоогоор тодорхой бус байна. “МИАТ” компанийн хувьд Японы талтай хийж байгаа хэлэлцээр хэрхэн шийдэгдэхээс хамаарч шилжих, нүүх асуудлаа зохион байгуулна.

-Нойтон түрээсийн орлого нийт орлогын таван хувийг бүрдүүлж байгаа. Энэ онд хэчнээн хэмжээний нойтон түрээс хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Зуны нислэгийн ачаалалтай хугацаанд агаарын таван хөлгөө бид өөрсдөө бүрэн ашиглаж байгаа. Харин өвөл ачаалал багатай үед агаарын хөлгүүдээ нойтон түрээсээр ашиглуулдаг. Одоогийн байдлаар Малдивын “Мега Малдив” компанид нэг онгоцоо түрээсээр ашиглуулж байна. Энэ хавар Чехийн агаарын тээврийн компанид бас нэг хөлгөө түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Ирэх өвөл мөн зарим онгоцоо нойтон түрээсээр ашиглуулахаар төлөвлөж байгаа.

-Танай компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүд олон улсын авиа компанийн онгоцонд засвар үйлчилгээ үзүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь “МИАТ” компанийн орлогод тодорхой хувиар нэмэр болж байгаа. Энэ онд олон улсын авиакомпаниудын хэчнээн агаарын хөлөгт засвар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн онд 17 агаарын хөлөгт том хэмжээний завсар үйлчилгээ хийсэн. Засвар үйлчилгээнээс сүүлийн гурван жилд 10 орчим тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн бол энэ онд 30 гаруй агаарын хөлгийн засварын захиалга байгаа. Үүнээс 22 агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийж ес орчим тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн. Манай компанийн нийт зардлын 30 гаруй хувийг шатахуун эзэлдэг

-Тэгвэл хэчнээн чиглэлд шинээр нислэг үйлдэх вэ?

-2017 онд хоёр чиглэлд шинэ нислэг үйлдэхээр төлөвлөж байна. БНСУ-ын Пусан болон Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өсөх төлөвтэй байна. Энэ нь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад сөрөг үр дагавартай. “МИАТ” компани газрын тосны ханшийн төлөвтэй уялдуулан ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай компанийн нийт зардлын 30 гаруй хувийг шатахуун эзэлдэг. Дэлхийн бусад улстай харьцуулахад Монгол Улсад шатахууны үнэ өндөр. Тиймээс манай компани шатахуун импортлогч ахуйн нэгжүүдийн дунд өрсөлдөөн бий болгож, үнийг бууруулах бодлого баримталж байна. Нөгөөтэйгүүр, шатахууны зардлыг бууруулахын тулд хямд шатахуунтай улсаас авахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж байгаа онгоц шатахууны дийлэнх хувиа Сөүлээс авна гэсэн үг. Хэрэв газрын тосны үнэ цаашид өсөх хандлагатай болвол банк санхүүгийн байгууллага болон дотоод нөөц боломжоо ашиглан хямд үнэтэй шатахуун нөөцлөх арга хэрэглэдэг. Энэ онд шатахууны үнэ огцом өсөхгүй байх гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэхдээ оны сүүлчээс шатахууны үнэ бага зэрэг нэмэгдэх төлөв ажигласан.

-Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ?

-Төр, засгийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа асуудал нь 2013 онд худалдаж авсан Бойнг-767 онгоцны өр юм. Энэ онгоцыг дотоод гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас 120 гаруй сая ам.долларын зээлийн санхүүжилтээр авсан. Өнөөдрийн ханшаар бид 100 орчим тэрбум төгрөгийг өөрийн нөөц боломжоор төлсөн хэдий ч ханшийн өсөлтөөс үүдэн үндсэн зээлээсээ дорвитой хороож чадсангүй. Энэ зээл нь нэлээд хатуу нөхцөлтэйгээс гадна Засгийн газрын баталгаатай зээл учраас зээлийн хүү, төлбөрөө хугацаанд нь төлөхгүй нэг хоног хэтрүүлэхэд л Засгийн газрын зээлийн баталгаанд асуудал үүсэхээр байгаа.

Эдийн засгийн хямрал, зорчигчийн урсгал саарсан болон гадаадын агаарын тээвэрлэгчдийг судалгаа шинжилгээгүй оруулж ирэхээр лобби хийж байгаа зэргээс үүдээд уг зээлийг өөрийн нөөц бололцоогоор төлөх боломж цаашид үнэхээр хүндэрч мэдэхээр байна. Хоёрдугаарт, “МИАТ” компанийн шинэ нисэх буудал дахь оролцооны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Эзэмшил оролцооноос гадна “МИАТ” компани үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай агаарын хөлгийн засвар үйлчилгээний ангар, катрингийн үйлчилгээний барилга, тоног төхөөрөмж, карго терминал, албан тасалгааны барилга, бизнес лаунж зэргийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 жил, 1 сар []


zob sh dee