Нийгэм


Утаа гамшигт хүрснийг ҮАБЗ хоёр дахь удаагаа зарлав

3 сар, 2 долоо хоног TIMES.MN


Утааны асуудлыг ярьсаар байгаад улиг болчихлоо. Төр засаг бараг сүүлийн арван жил утаатай тэмцэж байна. Гэвч үр дүн нь тэг үзүүлэлттэй. Цаасан дээрх төлөвлөгөө, тушаал шийдвэр, хэдэн зуун тэрбум төгрөгийг тал бүрт хуваарилснаас өөр “гавъяа” алга. Гагцхүү утаа улам бүр өтгөрч, уршгаар нь эрүүл мэнд, амь насаараа хохирогсдын тоо нэмэгдсээр байх аж. Энэ бүхний эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл өчигдөр утаанд зориулж хуралдав. Энэ нь асуудал ноцтой хэмжээнд хүрсний илрэл. Тэгвэл утааг бууруулах арга зам сүвэгчлэхээр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ удаагийн хурал анхных биш. Дөрвөн жилийн өмнө буюу 2011 оны нэгдүгээр сарын 14-нд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар өргөтгөсөн хуралдаан зарлаж байжээ.

Мөн л одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэр хорооллын айлуудаар явж агаарын бохирдлыг бууруулах төслийг танилцуулсан байна. Тэр үед “Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор шалгарсныг олон улсын байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн байдал түгшихгүй байхын аргагүй доройтолд хүрсэн. Тиймээс түүхий нүүрс түлэхийг тодорхой бүсэд хориглох, шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болох шаардлагатай” гэж хэлж байжээ.

Мөн Төрийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд мэдээлэл хийх үедээ “Өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж, гамшгийн байдалд хүрчихээд байгаа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд хуулийн төсөл  боловсруулах шаардлагатай. Үндсэн хуульд,  монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Нийслэлийн утаанд санаа зовоогүй иргэн гэж алга. Мэргэжлийн хүмүүс шалтгаан нөхцөлийг нь хангалттай судалж байна. Тэд Улаанбаатар хотын даац хэтэрсэн байна гэдгийг санал нэгтэй хэлж байгаа. Төвлөрөл асар их боллоо. Хотын агаарын бохирдлын одоогийн төвшин 1952 оны Лондонгийн гамшгийн хэмжээнд үндсэндээ хүрчихээд байгааг мэргэжлийн судлаачид хэлж байсан. Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа оршин суугчид хотын агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн эмчилгээнд 775 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь  манай улсын ДНБ-ий 12.8 хувьтай тэнцэж байна. 2014 он гэхэд утаанаасаа салъя” гэдгийг онцолсон байна.




Харин өчигдөр болсон ҮАБЗ-ийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзээд нийслэлээс хэрэгжүүлэхээр танилцуулсан шийдвэрүүдийг дэмжжээ. Энэ талаар Хотын дарга С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Улаанбаатар хот 400 гаруй мянган га эдэлбэр талбайтай. Одоогийн байдлаар 35206 га газарт суурьшлын бүс бий болгосон нь гэр хорооллыг хязгааргүй тэлэх маягаар явж ирсэн. Төлөвлөлтгүй, аль нэг даргын захирамжаар гэр хорооллыг тэлж байгаа явдал нь агаарын бохирдлыг гамшигт байдалд хүргэсэн. Тиймээс дахиад гэр хорооллын суурьшлын бүсийг тэлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хотын суурьшлын бүсийг Багануур, Багахангай, Налайх дүүрэгт бий болгоно. Мөн Төв аймагтай зөвшилцөж дэд бүтцийг шийдвэрлэх замаар тэлнэ. Улаанбаатар хотод нүүж ирээд хүссэн газраа гэр бариад амьдардаг байдалд цэг тавьж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсийг дөрвөн бүс болгож шинээр тогтоосон. Журамд хяналт тавих мэргэжлийн хяналтын байцаагчид агаарын чанарын байцаагчид болно. Айлууд стандартад нийцсэн зуух, сайжруулсан болон био, газан  түлш, халаагуур хэрэглэнэ. Үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн халаалтын зуух хэрэглэхийг хориглоно. 72 цэцэрлэг, сургуульд агаар шүүгч, өндөр настан, жирэмсэн эх, хүүхдүүдэд маск тараах арга хэмжээг Хотын захиргаанаас хэрэгжүүлнэ. Хотын төв орон сууцны хороололд нэг ч яндангаас утаа гаргахгүй. Нүүрс түлж байгаа явдлыг хална. Хэрэв журам зөрчвөл агаарын чанарын хяналтын байцаагчид торгууль, хязгаарлалтын арга хэмжээ авна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийслэлд ирэх шилжилтийг хязгаарласан.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон орон сууцны тодорхой зээлд хамрагдсан бол хотод ирж болно. Мөн орон нутгийн иргэдийг буцаах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, хотод яндан нэмэхгүй иргэд. Суурьшлын бүсээс гадна иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон. Товч хэлэхэд, дөрвөн уулын дунд хашаа байшин барих газаргүй болсон. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд хотын зах, худалдааны төвүүдэд энгийн хийцтэй зуух худалдахыг хориглосон. Утаа их гаргадаг тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хална” гэдгийг хэллээ.

Ийнхүү утаа гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр дахь удаагаа хүлээн зөвшөөрч зарлалаа. Хамгийн гол нь 2011 онд 775 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан бол 2012-2016 онд 132 тэрбум төгрөгийг мөн л утаатай тэмцэхэд төсөвлөжээ. Нэг ёсондоо сүүлийн 6-7 жилд 907 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа юм. Гэвч энэ бүхний эцэст утаа гамшгийн хэмжээнд хүрсэн хэвээр, бодлого шийдвэр нь бахь байдгаараа.

Ирэх дөрвөн жилд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна. Ямартаа ч Хотын дарга С.Батболд утааг бууруулахад гаргасан зоригтой шийдэл, алхмуудаа хэрэгжүүлэхийг харах үлдлээ. Өмнөх жилүүдээс ялгагдах нэг онцлог нь утааг бууруулахыг, Хотын даргын шийдвэрийг олон нийт дэмжиж байгаа юм. Эцэг эхчүүд утааны эсрэг жагсч төр засгаас идэвхтэй шаардаж байна. Иргэдийн идэвх, санаачлага, хүлээлтэд  түшиглэн тал бүрээсээ дэмжээд өгвөл 2020 онд утаа буурах сайн мэдээ сонсч мэдэх юм.  

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Холбоотой мэдээлэл


Модон хохимой өдөр
Модон хохимой өдөр
1 өдөр, 8 цаг

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЕРӨНХЙЛӨГЧ ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР АЖИЛЛАСАН УУ    3 сар, 2 долоо хоног []


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ АЛБАН ТУШААЛАА АВАХДАА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН БИЛЭЭ ТИЙМ УЧРААС МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТҮҮНИЙ АЖЛЫН ДҮНГ СОНСОЖ ДҮГНЭЛТ ХИЙХ ЦАГ ХЭДИЙНЭ БОЛЖЭЭ ХЭРЭВ ТЭР АРД ТҮНИЙХЭЭ ӨМНӨ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД ХОЛБОГДСОН УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ИХ ХЯМРАЛД ОРУУЛХАД ОРОЛЦСОН БОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЦАГ БОЛЖЭЭ АРД ТҮМЭН НЬ ШУДАРГААР ШҮҮХ БОЛТУГАЙ.


Зочин    3 сар, 2 долоо хоног []


зах засварын газруудыг хотоос хурдан нүүлгэх хэрэгтэй