Аналитик


Эдийн засгийнхаа “зүрх”-ийг тэтгэе

4 жил, 1 сар TIMES.MN



Аливаа улс орныг хөгжилд хөтлөгч  гол цөм нь  аж үйлдвэрийн салбар. Гэтэл манай улс  1990-ээд оноос хойш энэ салбартаа анхаараагүй,  нэгдсэн бодлого ч байгаагүй. Үйлдвэржилтийн эрин үе ирлээ, үйлдвэрлэлийг дэмжинэ ярьцгааж, бас чиг  чамгүй хөрөнгө зарлагадсан юм. Гэвч хүрэх чиггүй, төлөвлөлтгүй, аж үйлдвэрээ яаж дэмжих нь бүрхэг, ерөнхийдүү явж ирсэн учир үр өгөөж нь тааруухан. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж байна гээд л  эсгий таавчиг, нэхмэл ноосон оймс үйлдвэрлэгчидрүүгээ чиглэчихдэг. 888 төсөл шалгарууллаа гэхэд л ихэнх нь  зайрмагны цех, оёдлын цех зэрэг бичил бизнесийн төсөл байсан гэдэг.

Яаж  ч бодсон 5 хүнтэй оёдлын цехийг дэмжээд, дэмжээд шальдаггүй. Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж,доллар оруулж ирнэ гэж горьдох ч хэрэггүй. Технологигийн дэвшлийг шингээхгүй бол эсгий таавчигийг хэдэн зуугаар үйлдвэрлээд ч гадаадад байтугай дотооддоо борлоход хэцүүхэн болоод буй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихгүй орхи гэсэн үг биш ээ. Тиймээс   үйлдвэрлэлийн  бодлогоо  тодорхой болгож, хүнд, хөнгөн үйлдвэрээ яаж хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих , жижиг дунд үйлдвэрлэл ямар зохицуулалтаар  тэтгэх үү гээд ялгаж зааглан түүндээ тохирсон зохицуулалт  зайлшгүй шаардлагатай байгаа юм.

 “Монголоосоо” халихгүй, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий хэмээх ёроолгүй том зах зээлд гаргахгүй, техник технологийн дэвшлийг ашиглахгүйгээр  өндөр хөгжилтэй гүрэн болно гэж санахын ч  хэрэггүй. Дэлхий дайтай улс больё гэвэл гэвэл  оюунаа “ухах”, үйлдвэрлэлээ шинэ шатанд гаргахаас аргагүй. Монголчуудын хувьд  голдуу л зэс, нүүрс зэрэг ашигт малтмалаа гаргадаг. Статистик мэдээнээс харахад Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 30,3 хувийг бүрдүүлж, 9.8 их наяд төгрөг болж өсчээ. Гэтэл  өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна.

Аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байгаа юм. Экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өссөн ч бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байна. Энэ тоо баримтаас харахад л бид боловсруулах үйлдвэрийн чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх, техник, тенологийн дэвшлийг ашиглах зайлшгүй  шаардлагатай болсныг харуулж байна.  Тэгэхээр л бид илүү ухаанаа  уралдуулж, технологийн шинэлэг шийдлийг тусгаж, дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнийг бүтээх чиглэлрүү эрчимтэй урагшилмаар байгаа юм. Ийм  тэсрэлтийг хийхэд үйлдвэрлэгчид нь ч зүтгэж,  харин  төрөөс  оновчтой бодлого, зөв зохицуулалтаар "түрэх" хэрэгтэй байна.

Бодлогын уялдаа холбоо, гинжин хэлхээ алдагдаад, яам болгон л өөртөө хамаарах салбараа хариуцаж ирсэн бол Шийдлийн Засгийн газрын үед  Аж үйлдвэрийн яам байгуулж нэг цэгт төвлөрүүлэх шийдвэр гарсан.  Үр дүнд нь аж үйлдвэрийн салбарын хувь итгэлийн “гал” асах болов.  Үүнийг  унтраах биш улам өрдөж дүрэлзүүлэх цаг нь болжээ. Одооноос л төр нь хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч, иргэд нь борлуулалтанд нь  дэмжлэг үзүүлж,  дэвшил өөд хамтдаа гар гараасаа хөтлөөд алхахгүй бол бахь байдгаараа  сажилна.  Тус яамнаас өргөн барьсан салбарын хөгжлийн  нэгдсэн бодлогын төслийг УИХ-аар  хэлэлцээд энэ долоо хоногт  батлагдах төлөвтэй байна. Энэ бодлогодоо  2030 он гэхэд дэвшилтэт техник технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн  Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл одоо парламентанд  хэлэлцүүлгийн шатандаа яваа.

Бодлого ч батлагдаж, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гарвал энэ салбарт дорвитой ахиц гарна гэж үйлдвэрлэгчид хүлээж байна. Төр бизнест орж хутгалдаж, аж ахуйн ажилтай зууралдах биш хууль эрхзүйн орчныг  л зөв бүрдүүлээд, дэмжлэгийг механизмыг бий болгоод  өгчихвөл манай үйлдвэрлэгчид өөрсдөө аяндаа аваад явчихна. Бор зүрхээрээ  зүтгээд зүтгээд үүнээс цааш алхаж чадахгүй мухардалд ороод байгааг 20 гаруй жилийн түүх харуулчихлаа шүү дээ. Одоо  оновчтой дэмжлэг л  дутагдаж буй юм. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэрлэлийг тусдаа хууль эрх зүйн зохицуулалтаар дэмжихээр зааглаж өгчээ. Харин хуулийг гаргах гол зорилго нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ.

Бүүр тодотгож хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн үг. Энэ хуульд заасан төрийн дэмжлэгт ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа хамаарахгүй юм билээ.

 

“Өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи” гэж юуг хэлэх ээ ч тодорхой тусгаж өгсөн байна.  Түүхий эд, материалыг иж бүрэн боловсруулах, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, шинж чанарыг сайжруулахад чиглэсэн технологийн шинэчлэл гэж нарийвчлан заажээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай олгоно. 

Төсөлд  үндсэн хоёр дэмжлэг тусгасан байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай олгоно. Мөн үйлдвэрлэлийн өндөр үр ашиг бүхий технологи, бүтээгдэхүүн бий болгохоор ажиллаж буй үндэсний үйлдвэрүүд бий. Зарим нь шинэ технологи нэвтрүүлж нутагшуулж, нэг хэсэг нь шинээр бий болгож байна. Тэдгээр технологи, бүтээгдэхүүн судалгаа хөгжлийн ажлын үр дүнд бий болдог. Тиймээс шинэ бүтээгдэхүүн, технологи бий болгохоор зорьж байгаа үйлдвэрүүдэд судалгаа хөгжлийн зардлынх нь 75 хүртэлх хувийг буцаан олгохоор оруулжээ. Гадаадын хөрөнгө оруулалттай болон хөрөнгө оруулалтын хуулийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд хамрагдахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тусдаа хуулиараа дэмжлэг хүлээж буй учраас бас орохгүй. Зөвхөн  экспортын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг, шинэ бүтээгдэхүүн, технологи, бий болгож буй үйлдвэрүүдэд хамаатай.  Зөвхөн ийм хоёр  томоохон  дэмжлэг үзүүлээд орхичихгүй. Бусад хууль тогтоомжинд өөрчлөлт оруулж, хавсайдан “бөөцийлнө”.


НӨАТ-ийн хуулинд экспортонд гаргасан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын хувь хэмжээг тэг хувиар тооцдог заалт бий.  Энэ заалтаар түүхий эд гаргасан ч, бүтээгдэхүүн хийж экспортолсон ч НӨАТ авдаггүй. Үүнийг өөрчилж, зөвхөн эцсийн бүтээгдэхүүн экспортолбол татвар авахгүй, түүхийгээр бол татвар авдаг зохицуулалтыг НӨАТ-ын тухай хуульд оруулж байгаа юм.


Хувийн хэвшлийнхэн нь дотооддоо бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ч л байдаг. Төр гэдэг үнэхээр  том худалдан авагч. Гэтэл үйлдвэрлэгчдээсээ биш   гаднаас оруулж ирсэн импортын бараа, бүтээгдэхүүн худалдан аваад байдаг.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээсээ хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон” заалтыг тусгажээ. Хэрэв   үүнийг зөрчиж, импортын бараа авбал тухайн байгууллагын удирдлагыг 10 жил эргэж орохгүйгээр халж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж торгох арга хэмжээ авахыг хуулинд тусгаж байгаа юм. Үнэхээр ийм хариуцлагын тогтолцоог бүрдүүлж өгч байж хэрэгжүүлнэ. Тэгэхгүй гоё лоозон дэвшүүлээд мөрдөгдөхгүй. Болж өгвөл импортын тэр дундаа өмнөд хөршөөс оруулж ирсэн хямд үнэтэй барааг л шахаж “ашиг” хүртэх” гэсэн арга барилыг халахад хуулийн хатуухан зохицуулалт угаасаа шаардлагатай.   

Мөн Импортын бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын тухай УИХ-ын тогтоолд  өөрчлөлт оруулахаар тусгажээ. Дотооддоо үйлдвэрлэдэг зарим бараа, бүтээгдэхүүнийг импортолбол өндөр татвар ноогдуулж бид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалан үйлдвэрлэл эрхлэх илүү боломжийг олгох юм. БНСУ л гэхэд Самсунг гээд томоохон үйлдвэрүүдээ “дэмжих, бөөцийлөх, хамгаалах” бодлого барьж өнөөдөр дэлхийн хэмжээний “тоглогч” , үйлдвэрлэгч болгосон шүү дээ. Чөлөөт зах зээлтэй гээд хамгаалалт, дэмжлэгийн бодлогогүй бол үйлдвэрлэл эрхлэгч хэнчээн ч махийгаад махийгаад амжилт ч олохгүй, томрохгүй, импортлогч нарт  “цохигдсон” хэвээр байна. Тиймээс эдийн засгийнхаа “зүрх”-ийг нь тэтгэе ээ.


Д.Доржпагма

 

 




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.