Спорт


С.Батцэцэг дэлхийн хошой аварга боллоо

4 жил, 10 сар TIMES.MN

 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 10.30 цагт эхэлсэн. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Соронзонболдын Батцэцэг шигшээ барилдаанд Японы бөх Р.Кавайг цэвэр хожиж, дэлхийн хошой аварга боллоо. Тэрбээр Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг цэвэр хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан юм.

Гавьяат тамирчин С.Батцэцэг 2010 онд ОХУ-ын Москва хотноо болсон ДАШТ-д түрүүлж байсан бол "Лас-Вегас-2015"-д өрсөлдөгч бүрээ цэвэр хожиж, дэлхийн хошой аварга боллоо. Мөн тэрбээр "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авч байна. С.Батцэцэгийн хувьд ДАШТ-д 2010, 2015 онд алтан медаль, 2013 онд мөнгө, "Лондон-2012" олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн хосгүй амжилтын эзнээр тодроод байна.






Холбоотой мэдээлэл