Улс төр


Сураг төдий 6 сайд энэ долоо хоногт тодорно

4 жил, 5 сар TIMES.MN


УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана. Энэ тухай спикерийн зөвлөх С.Ламбаа мэдэгдсэн байна. Түүний хэлж буйгаар спикер эзгүй ч үүрэг хүлээж үлдсэн дэд дарга Р.Гончигдорж ээлжит чуулганыг эхлүүлэх гэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг ойрын хугацаанд өргөн барих хэрэгтэй болж байна.

Түүгээр ч барахгүй огцорсон зургаан сайдын орны хүнийг томилох тодруулах хуулийн хугацаа энэ сарын 6-нд дуусгавар болж байгаа юм. Хуулийн хугацаанд шахахгдсан Ерөнхий сайд намынхаа фракциудтай нэн даруй учраа олж сайдынхаа нэрсийг тодруулж дуусгах ёстой. Уг нь АН-ын бүлгээр сайд нарынхаа нэрсийг тохирч эцэслээд байтал Алтангадас фракциас сайдын суудал авна. Тэр дундаа зам тээврийн сайдын суудлыг авна. Сайдад Г.Батхүүг нэр дэвшүүлж байна гэснээр асуудал ухарсан.

АН-ын бүлэгч сайд нарынхаа нэрсийг өөрөө шийдэж тодруул хэмээн орхисон. Ч.Сайханбилэг МоАХ фракциас нэр дэвшин орж ирсэн Л.Эрдэнэчимэгтэй нэг таниимд ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Мэдээж Тавантолгойн гэрээг нь гацаасаар байгаад буцааж чадсан. Үүнийхээ шанд сайдын суудлаар шагнуулах гэж байгаа хүнд яаж таатай хандах билээ. Дараагийн сайд нь Н.Батбаяр. Чингис бондыг дэлхийн зах зээлд гаргаж их хэмжээний мөнгө оруулж ирсэн ч эргээд асуудалд унасан нөхөрт Ерөнхий сайд мөн л нүүр өгөөгүй.

Энэ мэтчилэн асуудал урган гарч АН-ын бүлэг ч сайдад нэр дэвшүүлэх ажлаас залхасан. Эрх мэдлийг өөртөө авсан Ч.Сайханбилэг хамтраад ажиллах боломжтой, үгнээс нь гарахгүй хүнийг сайдаар дэвшүүлэх сонирхолтой байгаа нь мэдээж. Түүний халаасанд багтаж байгаа сайдад нэр дэвшигч, дэд сайдад нэр дэвшигчид хэн болохыг тун удахгүй харна. Нэнгэнт сайдын суудалд сууж чадахгүй нь тодорхой болсон парламентаас гадна байгаа АН-ын гишүүд төрийн ордноор гүйдэлтэй болсон. Тэдний хэн нь дэд сайдын суудлаар шагнуулж, ирэх сонгууль хүртэл нүүрний арьсаа таниулахыг таашгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.