Нийгэм


Нийтийн үйлчилгээг сайжруулах талаар хэлэлцлээ

4 жил, 4 сар TIMES.MN
Азийн сан, Улаанбаатар хотын захиргаатай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төслийн хугацаанд хамтран ажилласан харъяа хэлтэс, агентлагууд, дүүрэг, хороод, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцож, гэр хороолол дахь нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хотын засаглалын боловсронгуй хэлбэрийг санаачлан нэвтрүүлэхэд чиглэсэн олон ажлын үр дүнгийн талаар хэлэлцэв.

Австралийн Засгийн газрын Гадаад хэрэг, Худалдааны Яамны санхүүжилтээр хэрэгжсэн тус хөтөлбөр нь гэр хорооллын иргэдэд нийтийн үйлчилгээний хүртээмжийг чанартай, тэгш байдлаар хүргэхэд Улаанбаатар хотын захиргаатай нягт хамтран ажиллаж, хотын сайн засаглал болон үр ашигтай төлөвлөлтийн боловсронгуй хэлбэрийг эрэлхийлж хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороодыг байгуулж, хорооны түвшинд төрөл  бүрийн ажлуудыг туршиж, гарсан үр дүнгүүд дээр үндэслэн бодлогын түвшинд өөрчлөлтүүдийг нэвтрүүлж байна.

Тухайлбал загвар хороодод хог хаягдлыг сард хоёр удаа ачих хог ачилтын хуваарийг амжилттай хэрэгжүүлж, уг туршлагыг хот даяар нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа юм. Хог хаягдлын менемжментийг сайжруулах олон ажлуудын үр дүнд өнгөрсөн 5-р сарын 18-нд нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ыг баталсан.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтран боловсруулж батлуулсан уг журамд хог ачиж тээвэрлэх үйлчилгээнд тавигдах хамгийн бага шаардлага, үйлчилгээний ерөнхий стандартуудыг мөрдөх ба тээвэрлэгч байгууллагуудын ажлын гүйцэтгэлд үндэслэсэн үйлчилгээний шинэ гэрээ байгуулах, үйлчилгээнд тавигдах хяналт үнэлгээ, мониторинг чангатган цогц байдлаар тусгасан.

Төслийн хүрээнд баримтад тулгуурласан, бодитой, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах үйл явцыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хийсний нэг нь иргэдийн оролцоотой газрын зураглал юм. Газрын зураглалыг нийтийн үйлчилгээний 11 төрлийн индикатор ашиглан нийт 87 хороонд иргэдийн бүлэг, хороо, дүүргүүд хамтран хэрэгжүүлсэн. Газрын зураглалыг www.manaikhoroo.ub.gov.mn веб сайтаас үзэх, татаж авах боломжтой бөгөөд хот төлөвлөлт, бодлого боловсруулахад ашиглаж болох үр дүнтэй хэрэглэгдэхүүн юм. Иргэдийн оролцоотой газрын зураглалыг Улаанбаатар хотын таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргахад ашиглаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.