Аналитик


"Оюу толгойн" далд уурхайг эхлүүлэхийн ийм буулт хийжээ

4 жил, 1 сар TIMES.MN

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо  Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид  хооронд маргаантай байсан асуудлуудаа тохиролцон шийдлээ. Хоёр жил маргаж байж ийм шийдэлд хүрээд байна.  Тодруулж хэлбэл, Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан юм. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болж байна. 

Өнгөрсөн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсчихоод байсан.Оюутолгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоо байдаг. Энэ оны эхнээс “Оюутолгой” компани Монгол Улсад татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийт 78.5 сая ам.доллар төлөөд байгаа аж.  Ямартай ч өнөө маргаашгүй учиргүй их доллар цутгахгүй ч оны дараанаас хөрөнгө оруулалт орж  ирж таарна. Туслан гүйцэтгэгч гээд олон компани ажилтай болно. Тэр дундаа Монголын компаниудыг туслан гүйцэтгэгч, бараа нийлүүлэгч, хамтран ажиллах түншээр сонгож ажиллах тал дээр Засгийн газраас анхаарч, хувийн хэвшлийнхнийгээ дэмжих нь л чухал байна.


Энэхүү төлөвлөгөөг батлангуут "Туркойз Хилл"-ын хувьцаа ганцхан өдөр 20 сая ширхэг зарагджээ. Мөнгөн дүнгээр тооцвол 80-аад сая ам.долларын гүйлгээ хийгджээ . Уначихсан байсан хувьцааны үнэ одоогоор  3.5 хувиар өсч, 4.75 ам. долларын ханштай байна



Далд уурхайн бүтээн байгуулалтад 6 тэрбум ам. доллар зарцуулна гэсэн урьдчилсан тайлбар явж буй. Үүний 34 хувийг Монгол Улс гаргана. Тэр хэрээр өрийн хэмжээ өсөх ч гацааж, цаг алдаж байснаас урагшуулж байсан нь дээр биз ээ.  Менежментийн  төлбөрийг  далд уурхайн хувьд гурван хувь байхаар тогтжээ.  Энэ удаагийн хэлэлцээрт хөрөнгө оруулагч тал гэдийсэн, манайхан бууж өгсөн нь үнэн. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр бага зэргийн ахиц гарч байгааг үгүйсгэхгүй юм. Магадгүй алдсан хугацааг авч үзвэл тэд биш монголчууд л илүү хохирол амсч ч байж мэднэ.

Хэлэлцээрээр менежмэнтийн төлбөрт нийт борлуулалтын  зургаан хувь байхаар заасан байсныг далд уурхайд 3 хувь болгож бууруулж чаджээ. Гэхдээ одоо ашиглалтад орсон ил уурхай дээр менежмэнтийн төлбөр нь буураагүй, хуучнаар үйлчлэх аж. Мөн   30 хоногийн дотор "Оюутолгой"  Монголын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгойн цахилгаан станц төслөөс эрчим хүч худалдан авахад шаардлагатай ажлын төлөвлөгөө гаргахаар болжээ. Тэгэхээр Тавантолгойн цахилгаан станц байгуулагдаж ажил урагшилж таарна. Үүнийг сонирхох хөрөнгө оруулагчдын ажил ч эрчимжинэ. Найдвартай хэрэглэгчтэй болж байгаа цагт бизнесийнхэн уралдах нь гарцаагүй. Хятадаас цахилгаан авч байхаар Монголоос авах манайд доллар олж ирэх, нэмүү өртөг бүтээх, хүмүүсээ ажилтай болгоход дэмтэй юм. Бас татварын маргаантай байсан асуудлыг ч шийджээ. Рио Тинто 30 сая ам.долларын татварыг төлөхөөр буулт хийсэн байна. Гэхдээ энэ нь жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх гэсэн арга. Огт буулт хийхгүй гүрийгээд байвал хөрөнгө оруулалтын зардлаа өсгөснөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй гэдгийг тооцоолсон биз ээ.

Харин анхны хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбумаар өсгөснийг тайлбарлаж, бууруулах гээд бараагүй бололтой. Хөрөнгө оруулалтын зардалыг хасч чадаагүй байж. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажлын хэсэг гарч шалгалт явуулаад хөрөнгө оруулалтын зардлыг 2 тэрбум ам.доллараар өсгөсөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж, бууруулахаар хэлэлцээрийн ширээний ард суугаад амжилт олоогүй. Хөрөнгө оруулагчид хэдэн жил зогсоосон ч чадна гэсэн шиг бардам аашилсаар бууж өгөөгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч өөрсдөө буулт хийж, тулгасан хөрөнгө оруулалтын зардлыг хүлээн зөвшөөрч байх шиг байна. 

Хөрөнгө оруулагч тал  далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар хувьцааны эрэлт нь нэмэгдэж, үнэ өсч байна. 

Энэхүү төлөвлөгөөг батлангуут "Туркойз Хилл"-ын хувьцаа ганцхан өдөр 20 сая ширхэг зарагджээ. Мөнгөн дүнгээр тооцвол 80-аад сая ам.долларын гүйлгээ хийгджээ . Уначихсан байсан хувьцааны үнэ одоогоор  3.5 хувиар өсч, 4.75 ам. долларын ханштай байна. 

 




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.