Нийгэм


Мод тарьж ургуулах хичээл

4 жил, 7 сар TIMES.MN

НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН"-ӨӨС ЗӨВЛӨЖ БАЙНА

МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ ХИЧЭЭЛ

БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” нь ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх,  мод, сөөг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй таатай орчин бүрдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад оршино.



МОД, СӨӨГ ТАРИХ АРГАЧЛАЛ

Мод, сөөгний суулгацыг зөв сонгож авах, тээвэрлэх,нүх ухах, мод тарих хөрс бэлтгэх, суулгах, арчилгааг тогтмол хийх зэрэг технологийн ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой, тэдний зөвлөгөөгөөр  зөв хийж гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс энэ удаад мод тарихдаа юуг анхаарах ёстойг бэлтгэн хүргэж байна. 


ТАРИХ ХУГАЦАА

-Хаврын улиралд дөрөвдүгээр 25-наас тавдугаар сарын 25, намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар 10-ны хооронд  мод тарихад тохиромжтой.


МОД, СӨӨГ ТАРИХАД БЭЛТГЭЛ АЖИЛ

-Мод, сөөг суулгахын өмнө мод тарих нүхийг урьдчилан заавал ухаж бэлтгэнэ. Нүхийг усаар дүүргэж, чийгийн хангамжийг сайжруулах нь зүйтэй.

Түүнчлэн мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, мод  услах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.   


МОДНЫ НҮХ УХАХ

-Мод, сөөгний нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолж, 70-80 см-ийн голчтой, 50-60 см-ийн гүнтэй ухна.


МОД ТАРИХ

-Мод тарих нүхэндээ 50 хувьд нь  хар шороо, 30 хувьд нь   элс, 20  хувьд нь  хөх бууц  сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыг  нүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.


УСАЛГААГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах,тогоогоор услах гэх мэтийн аргууд бий.

Модыг  тарьсан өдөртөө  0-60 литр, сөөгийг 20-30 литр  усаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш  орчим хэт даралттай усаар  усалж болохгүй. Усалгааг нүхний  дотор талын ханыг дагуулан  зөөлөн услах хэрэгтэй.

БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж Буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН”-ий  эрхэм зорилго бол мод тарьж, тарьсан модоо ургуулахад оршино. Иргэн Та мод тарьж, арчлан ургуулж, эх орныхоо ногоон байгалийн ирээдүйд хувь нэмрээ оруулаарай. 

БОНХАЖЯ,  “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН”




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.