Эдийн засаг


Үндэсний брэнд Хятадын зах зээлд

4 жил, 7 сар TIMES.MN

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г  ӨМӨЗО-ы Хөх хотноо амжилттай зохион байгууллаа

                         

 “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д аж үйлдвэр, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 800 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс  үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч 230 гаруй  аж ахуй нэгжийн  400 орчим  төлөөлөгч дотооддоо  үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцуулсан юм.

Харин зохион байгуулагч талаас нийт 7500 гаруй төлөөлөгч анхдугаар экспод оролцлоо. Энэ сарын 22-нд соёлын солилцооны арга хэмжээгээр эхэлсэн анхдугаар экспоны хүрээнд аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр 18 салбар хуралдаан зохион байгуулагдаж, нийт 100 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, “Монгол-Хятадын худалдаа, аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт”, хоёр улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт зэрэг өндөр ач холбогдол бүхий хуралдаанууд энэ өдрүүдэд болж өнгөрлөө.

   “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г нээж хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: “Арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна соёл урлаг, зан заншил, уламжлалт ёс, эрүүл мэнд, урлаг спорт, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбарт олсон ололтоо танилцуулан сурталчилах, эдгээрт тулгуурлан худалдаа, бизнесийн түншлэлийн харилцаа тогтоох, өргөтгөх, шинэ түншлэл, хэрэглээг бий болгох, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна” хэмээн онцолсон юм.

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-т хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой.

Манай улсын “Талын зам” төслийг Ази, Европыг холбох “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулж, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай тохиролцож санамж бичиг байгуулаад байна. Эдүгээ дэлхийн нийт хүн амын 3/4 нь аж төрж буй, хуурай газрын 40 хувийг эзэлж, 88 улсыг хамарсан ЕвроАзийг холбох “Шинэ торгоны зам” төсөлд Монгол Улс оролцоогоо тодорхойлсон, өргөн цар хүрээ бүхий өндөр ач холбогдолтой явдал боллоо хэмээн анхдугаар экспод оролцогчид дүгнэж байна. Монгол Улс цаашид дэд бүтцийн “манаач” байхыг хүсэхгүй.

Гагцхүү эдийн засгийн коридор байгуулах, “Шинэ торгоны зам” зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд ямар оролцоотой байхаа тодорхойлох нь чухал. Үүний тулд эн тэргүүнд аж үйлдвэржсэн орон болж хөгжих нь чухал юм. Ингэж гэмээнэ бид чөлөөт худалдаанд саадгүй оролцох, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зах зээлд нээлттэй оролцоотой байх зэрэг харилцан зохицуулах асуудлууд хүлээгдэж байна.

Шилийн гол аймагт үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ борлуулна

   Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, хамтарсан экспог цаашид хоёр жил тутамд зохион байгуулах санамж бичигт талууд гарын үсэг зурснаар ажил хэрэг болох боломж бүрдэж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд эхний хоёр удаагийн экспог БНХАУ-ын тал хариуцан зохион байгуулахаар тохиролцжээ. Түүнчлэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт болсон нь онцлох үйл явдлын нэг байв.

Энэхүү уулзалтаар хил дамнасан чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх тухай хоёр улсын хамтарсан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсныг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд эхний ээлжинд хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. БНХАУ-ын зүгээс мөн тооны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж.

Үүнээс гадна “Хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ӨМӨЗО-ы Шилийн гол  аймгийн Олон улсын худалдааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт Монголын үйлдвэрлэгчид  10 павилион, 60 лангууг эхний жилд үнэ, төлбөргүй ашиглах боломж бүрджээ.

Өөрөөр хэлбэл, дотоодын бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд таниулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх эхний алхам болсон юм. Цаашид Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах байнгын ажиллагаатай худалдааны төвүүдийг ӨМӨЗО-ы хүн ам олноор суурьшдаг, аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөн томоохон хотуудад байгуулах талаар БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хороотой ярилцаж байгааг энэ үеэр мэдээллээ.

600 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцууллаа

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-ны хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд дотоодын 230 гаруй ААН-ийн 400 орчим үйлдвэрлэгч оролцов. Тэд нийт хоёр тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцсон юм.

Монгол Улсын павильон энэ өдрүүдэд хөл гишгэх зайгүй шахам байсан нь манай үйлдвэрлэгчдэд асар их боломж, том зах зээл байгааг илтгэж байв. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий зөгийн бал, арьс шир, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаад дэлгэсэн нь эрэлт ихтэй байлаа.

Гагцхүү манай үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанар, стандарт, сав, баглаа боодлыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах шаардлагатай байгаа нь энэ үеэр ажиглагдаж байсан юм. Монгол Улсын зүгээс 60 орчим үйлдвэрлэгч тус экспод хамтрах түншээ олохоор оролцсон нь үйлдвэрлэл, худалдааны салбарт хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсны илэрхийлэл байв. Харин ӨМӨЗО-ы 80 орчим аж ахуй нэгж, Хятадын бусад бүс нутгаас 60 орчим бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн салбар хуралдаанд оролцлоо. Үүнээс монголын талаас 15 аж ахуй нэгж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.