Нийгэм


Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэдэд тусламж хүргүүллээ

4 жил, 7 сар TIMES.MN

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад  эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна.

Тиймээс ч Монгол хүний халуун сэтгэлийн илэрхийлэл болгож,  түймрийн аюулд өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгахыг Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт  аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалсан юм.  

Энэ хүрээнд өнөөдөр “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэдийн хандивласан эд материал, мөнгөн тусламжийг ОБЕГ-т хүлээлгэн  өглөө. Арга хэмжээнд Аж үйлдвэрийн  Дэд сайд Х.Баделхан, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа нар оролцлоо.

Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан: Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүллээ



- Он гарсаар нийт 100 гаруй удаагийн түмэр бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Ялангуяа зүүн гурван  аймагт гарсан ой хээрийн түймэрт малчид ихээр өртөж, эд материалын болон сэтгэл санааны  хохирол амсаад байна. Тиймээс ч Аж үйлдвэрийн яамнаас санаачлан салбарын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд хандан  уриалга гаргасан бөгөөд манай яамны бүх ажилчид нэг өдрийнхөө цалинг хандивлалаа. Үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодууд эхнээсээ хандив өргөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашид олон үйлдвэрлэгч туслана гэдэгт итгэлтэй байна.

 Ц.Бямбарагчаа: 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив цуглаад байна

/ ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн/


-Өнөөдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив, тусламж цугласныг гал түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүргүүлээд байна. Өнөөдөр “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, үйлдвэрлэгчид, аж ахуй нэгж, иргэдийн хандив, тусламжийг хүлээж авсандаа  таатай байна.


 Д.Гэрэлт-Од: 50 хос гутал хандивлалаа

/”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч/

- Тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын гутал гэхээсээ илүү малчид, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан хүүхдийн болон том хүний гутал бэлдлээ. Мэдээж тэнд ажиллаж байгаа ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан тусгай зориулалтын гээд нийтдээ 50 хос гутлыг хандивлаж байна.

Д.Тэгшжаргал: 40 ширхэг ноолууран хөнжил тусламжаар хүргүүлж байна

/ “Говь”  ХК-ний  Хүний нөөцийн хэлтсийн дарга/

- Малчид бол "Говь" ХК-ийн хамгийн чухал харилцагч. Тиймээс ч зүүн гурван аймагт гарсан гал түймэрт өртөж, мал, орон гэргүй болсон иргэддээ тусламж хүргүүлж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 40 айл орон, гэргүй болсон тухай мэдээлэл авсан учраас 40 ширхэг ноолуурын орцтой оёмол хөнжлийг хандивлаж байна.

М.Тэмүүлэн: Түймэрт өртсөн малчид, иргэддээ тусалцгаая
 



-Манай хамт олны зүгээс 500 маск, зузаан ултай арьсан 20 хос гутал, 20 ширхэг ажлын хувцас, бээлий зэрэг иж бүрэн хамгааллын хувцас тусламжаар хүргүүлж байна.

Өөрөөр хэлбэл, 2.1 сая  төгрөгийн үнэ бүхий бараа, 200 мянган төгрөгийн хандивийг хүлээлгэн өгч байна.

Энэ дашрамд бүх үйлдвэрлэгч нартаа хандаж түймэрт өртсөн малчид, иргэддээ тусламж хүргүүлэхийг уриалж байна.

М.Жаргалмаа: Үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү

/Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциаци”-ийнгүйцэтгэх захирал/



-Зүүн гурван аймагт гарсан түймэрт өртсөн малчид, иргэдэд зориулан  “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”-ийн төлөөлөл болох есөн  аж ахуйн нэгж , хувь хүмүүс орон гэр нь шатсан өрхүүдэд гэрийн бүрээс,  даавуу, маск, бээлий, хувцас болох 15 сая төгрөгийн эд материал хандивлалаа. Тухайлбал,  элсэн чихэр, цагаан будааг оёдлын үйлдвэрээс тусламж болгон өгч байна. Мөн “Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-оос гурван  сая төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг  хөдөлмөр хамгааллын хантааз хандивлалаа. Энэ бүхэн үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.