Эдийн засаг


Н.Золжаргал: Таван хувийн зээлийн асуудлыг гурван сараас шийднэ

4 жил, 2 сар TIMES.MN

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар малчдын зээлийн хүү болон цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар Монголбанкнаас мэдээлэл хийсэн юм. Уг асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Малчдыг үйлдвэрлдэгч гэж үзээд байна. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүү буурах боломж бий юу?

-Малчны үйлдвэрлэлийн зээлд хөнгөлөлт үзүүлэх бодлогын өөрчлөлт хийх юм. А дансыг нь харахаар малчид үйлдвэрлэгч болоод байгаа. Тиймээс энэ төрлийн зээлийн хүү 30 хувь байсныг 10 хувь болгох боломжийг Засгийн газар судалж байгаа. Үнийн сүлжээндээ экспортын бүтээгдэхүүнийг дэмжээд явж байгаа эцсийн бүтээгдэхүүн нь экспорт болдог тэр сүлжээн дотор үйлдвэрлэл эрхэлдэг бол тэр хүнд эерэг өөрчлөлт очно гэсэн үг. Эсвэл тэр үйлдвэрлэгч маань өөрөө хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт руу дамжиж байгаа тэр суваг дээр ажил, үйлчилгээ явуулдаг бол тэр хүнд ч дэмжлэг очно.

-Ипотекийн зээлийг дахин олгож эхлэх хууль батлагдсанаас хойш 750 гаруй иргэнд зээл олгосон. Гэтэл иргэд найман хувийн хүүтэй зээл олгогдохгүй байна гэж байна?

-Хуулийн гацаанаас болоод сар гаруйн хугацаанд энэ зээл саатсан. Тоон статистикаа бид сар болгоны 15-нд олон нийтэд мэдээлдэг. Хамгийн сүүлийн мэдээгээр хуулийн гацаа арилснаас хойш 700-гаад зээлийн асуудал шийдэгдсэн байсан. Үүнээс 100 гаруй хүнд зээл олгогдоход бэлэн болсон байна. Түүнээс биш иргэдийн гар дээр зээл очсон тоо судалгаа бол одоогоор бидний гар дээр ирээгүй байна. Асуудал маань буцаад сэргэж байгаа учраас тодорхой тоонуудыг тогтмол олон нийттэй хуваалцаж байя гэсэн байгаа. Ипотектэй холбоотойгоор Монголбанкны журмууд өөрчлөгдөнө. Бидний тооцоогоор 17-18 ажил байгаа. Үндсэндээ хийгдээд дуусч байна. Ерөнхийдөө ойрын үед маш дэлгэрэнгүй мэдээлэх байх.

-З.Баянсэлэнгэ сайд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгоно гэж ярьсан. Гэтэл та тэгэх боломжгүй гэлээ. Хоорондоо мэдээлэл солилцож, санал нэгдээгүй юм уу?

-З.Баянсэлэнгэ сайдын тухайд барилгын сайдын хувиар өөрийн байр суурийг илэрхийлсэн байсан. Санал нийлэх ч юм байна,инийлэхгүй ч юм байна. Монголбанкны харж байгаагаар 30 хувийн урьдчилгааг багасгах, ихэсгэх нь цэвэр халамжийн асуудал. Зээлийн хүү нь ямар дарааллаар тав болох уу гэдэг нь бодлогын асуудал. Мөнгөний бодлого болон зээл хүүгийн асуудалтай холбоотой. Моргейжийн урьдчилгаа 30 хувь байна гэсэн журамд өөрчлөлт орохгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг 10 хувь, 20 хувь болгох уу, тодорхой хэсгийг байгууллага нь төлөх үү гэдэг тухайн байгууллага юм уу, Засгийн газрын халамжийн бодлоготой холбоотой асуудал.  

-Найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүү 5 хувь руу шууд шилжих үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хэмжээгээр нь ипотекийн зээлд хамрагдах шалгуур тавихаар орлого нь өссөн байгаа. Үр дүнд нь 80 мянган айл өрх моргейжид хамрагдсан. Моргейжийн найман хувийн зээлтэй иргэд таван хувь руу шууд шилжинэ. Засгийн газар, Монголбанк хамтран ажиллаж байна.

-Хэзээнээс яг 5 хувь руу шилжих вэ?

-Гурван сар гэхэд бүрэн боловсорчихсон, болж өгвөл зах зээл дээр үр нөлөөгөө хүлээлт үүсгэчихсэн байх ёстой. Тэгж байж үүнийг дагасан хөрөнгө оруулалт болон ажил үйлчилгээгээ аж ахуйн нэгжүүд төлөвлөнө. Иргэд ч гэсэн ижилхэн. Сонгуулийн мөчлөгтэй давхцаад байгаа юм биш. Монголын эдийн засаг хавар, намар гэсэн мөчлөгтэй учраас хавар энэ ажлыг эхлүүлэхээс өөр сонголт байхгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.